Уншиж байна ...
Зураг
Зураг

АНУ-ын Nividia компани Хятадын хиймэл оюуны технологийн шилдэг залуу хоёр мэргэжилтнийг эгнээндээ элсүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан саяхан Хятад улсад айлчлах үеэр

Америкийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн аварга компани Nvidia саяхан Хятадын хиймэл оюуны технологийн шилдэг залуу хоёр мэргэжилтнийг эгнээндээ элсүүлжээ.

Хятадын Цинхуа Их сургуулийн төгсөгчид болох Зу Банхуа, Жяо Жяньтао нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Nvidia компанид ажиллах болсныг тус тусын сошиал хуудсаар зарлахдаа тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай хамт авхуулсан гэрэл зургуудаа хавсаргасан байна.

Зу Банхуа 2018 онд Цинхуа Их сургуулийг цахилгаан, электроник инженерийн бакалавр зэрэгтэй төгсөөд 2024 онд Беркли дэх Калифорнийн Их сургуулийг электроникийн инженерчлэл, компьютерын ухааны PhD цолтой төгссөн юм.

Тэрбээр Nvidia компанийн Nemotron төслийн багт ахлах судлаачаар ажиллахаар болсон байна.

Nemotron бол энтерпрайз түвшний хиймэл оюуны агент бүтээх зорилготой төсөл юм.

Нөгөө нэг мэргэжилтэн Жяо Жяньтао нь мөн ижил Цинхуа их сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөний дараа 2018 онд Стэнфордын Их сургуулиас цахилгаан болон электроник, харилцаа холбооны инженерчлэлийн PhD цол хүртжээ.

Тэрбээр Nvidia компанийн AGI (artificial general intelligence) болон ASI (artificial super intelligence) төслүүдэд ажиллахаар болсон байна.

AGI болон ASI нь хүний оюун ухаантай тэнцэх буюу давж гарах хэмжээний хиймэл оюун бүтээх зорилготой салбарууд юм.

Сүүлийн жилүүдэд Хятадын хиймэл оюуны мэргэжилтнүүд дэлхийд өндрөөр үнэлэгдэх болсны нэг жишээ энэ үйл явдал болж байна.

Саяхан Массачусетсын Технологийн Их сургуулийн электроник инженерчлэл, компьютерын ухааны тэнхимийн дэд профессор Хэ Кайминийг Google компани өөрийн хиймэл оюуны DeepMind салбарт судлаачаар авсан юм.

Өмнөд Хятадын Гуандун мужийн уугуул тэрбээр Цинхуа Их сургууль, Хонконгийн Хятад Их сургуулийг төгсөж байжээ.

Мета компани саяхан OpenAI компаниас Хятадын таван судлаачийг урвуулж авсан тухай The Wall Street Journal сонин мэдээлж байв.

2023 оны байдлаар Америкийн хиймэл оюуны технологийн компаниудын шилдэг мэргэжилтнүүдийн эх үүсвэрийн хамгийн том хэсэг буюу 28 хувь АНУ, 26 хувь Хятад улс болсныг Paulson Institute стратегийн судалгааны хүрээлэн, Marco Polo судалгааны агентлагийн хамтарч гаргасан тайланд дурдсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

OSZAR »