Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар Монгол Улсад долдугаар сарын 6-13-нд төрийн айлчлал хийж байна.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нар хүндэт зочдоо нийслэлийн төв талбайд албан ёсоор угтан авлаа.
Мөн Засгийн газрын гишүүд, мэргэжлийн сүмо бөхийн их аваргууд, хоёр улсын парламентын бүлгийн гишүүд, Япон Улсын Засгийн газраас олгодог "Мандах нар" одонгоор шагнагдсан эрхмүүд зэрэг зочид төлөөлөгчид эгнэн зогссоны зэрэгцээ Япон улсад суралцсан, ажиллаж амьдарч байсан монгол иргэд үндэсний дээлээрээ гоёж, хоёр орны далбааг барьсан байсан нь угтах ёслолыг улам чимж байв.
Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааныг хүндэтгэн төрийн хүндэт харуул жагссан тухай Хүндэт харуулын дарга, ахлах дэслэгч Б.Энхманлай илтгэсний дараагаар Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн Япон, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлсэн. Япон Улсын төрийн дууллын үеэр ес, Монгол Улсын төрийн дууллын үеэр найм буюу нийт 17 удаа ёслолын буудлага үйлдсэн юм.
Угтах ёслолын төгсгөлд Япон Улсын Цог Жавхлан Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар Их Эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, эргэн харж цугласан олон руу гараа даллацгаахад Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн "Монголын тал нутаг"-ийг эгшиглүүлсэн нь тун сэтгэл хөдлөм мөч байв.
Энэхүү айлчлалыг сурвалжлахаар Токио хотоос сэтгүүлч, зурагчин, зураглаач зэрэг хэвлэлийн байгууллагын 50 орчим ажилтан ирсэн байна. Тэд бүгд Монгол Улсын талаар мэдээлж, айлчлалын үйл явдлуудыг сурвалжилснаар Монголын тухай томоохон сурталчилгаа болох юм. Энэ нь Япон улсаас Монголыг зорин ирэх жуулчдыг тоонд сайнаар нөлөөлөх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!